
Бидний арьс 28 хоногийн давтамжтайгаар нөхөн төлжиж шинэчлэгдэж байдаг. Шинэ арьс үүсч хуучин арьс нь үхжин гуужиж унаж байдаг гэсэн үг. Үүнийг арьсны нөхөн төлжих давтамж буюу ‘skin turn over’ гэж нэрлэдэг. 30аас дээш насныхны ‘skin turn over’ нь хөгшрөлт эхэлсэнтэй холбоотой ойролцоогоор 40 хоног болж уртасдаг.
Харин таны арьс ямар нэгэн асуудалтай жишээ нь тослогжилттой, хуурайшилттай, батгашилттай, нүхжилттэй, сэвх нөсөө толботой, үрчлээтэй бол арьсны тань гуужилт хэвийн явагдахгүй байна гэсэн шинж тэмдэг учраас нэмэлтээр “Гуужуулагч” бүтээгдэхүүн хэрэглэж шинэ арьсны нөхөн төлжилтөө дэмжиж өгөх хэрэгтэй.
Гуужуулагч маань химийн (chemical), физикийн (physical) гэж 2 төрөлд хуваагддаг.
Физик гуужуулагчид Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүн багтана. Түрхээд массажлахаар бөмбөрч унаад байдаг, эсвэл дотроо жижиг жижиг ширхэгтэй байдаг. Энэ нь үхжсэн арьсыг гаднаас нь үрэлтийн хүчээр буюу физик аргаар гуужуулж байна гэсэн үг. Дотроо жижиг жижиг хатуу элсэн ширхэгтэй скрабыг бол би хэрэглэ гэж санал болгомооргүй байна. Арьсыг маш их цочроож хуурайшуулдаг.
Харин зөөлөн бүтэцтэй Peeling gel гэсэн бичигтэй гуужуулагчууд бол бүх төрлийн арьс болон АНА, ВНА, РНА гэх мэт хүчил агуулсан гуужуулагч найрлагуудаас харшилдаг эмзэг арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. 7 хоногт 1~2 удаа хэрэглэнэ.
Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтана.
Химийн гуужуулагч гэдэг маань арьсанд тохирох хэмжээний хүчил ашиглан үхжсэн арьсыг гуужуулдаг гэсэн үг. Гэхдээ та “химийн” гэсэн үгнээс огтхон ч айж сүрдэх хэрэггүй. Дандаа байгалийн гаралтай жимснээс гаргаж авсан хүчил ашигладаг. Энэ төрлийн гуужуулагчийг өөрийнхөө арьсны онцлогт тохируулан зөв давтамжтай хэрэглэж чадвал шинэ арьсны төлжилтийг идэвхижүүлж арьс жигдэрч толийх, өнгө сэргэх, бүх төрлийн батганы үрэвсэл намдаах гэх мэт үнэхээр гайхалтай үр дүн өгдөг.
Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эсрэгээрээ арьсыг цочроож асуудал үүсгэдэг тул анх хэрэглэж эхэлж байгаа хүн бага багаар арьсандаа дасгаж маш болгоомжтой хэрэглэх ёстой байдаг.
АНА, ВНА, РНА гуужуулагч маань худалдаанд арчдаг тонер, арчдаг pad, liquid буюу эссэнс хэлбэрээр элбэг байдаг. Та эдгээрээс аль нэгийг нь л сонгоод хэрэглэхэд хангалттай.
💚AHA (Alpha Hydroxy Acid)
АНА-гийн хамгийн гол онцлог нь усанд уусдаг чанар юм. АНА найрлаганд жимсний хүчлүүд болох
-lactic acid,
-glycolic acid,
-citric acid,
-mandelic acid
гэх мэт найрлагууд багтдаг.
Усанд уусдаг чанартай учраас арьсны ӨНГӨН хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах, мөн давхар чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээтэй. Гуужсан арьс нь нүдэнд харагдахгүй ч арьс чинь маш гоё зөөлөрч мэдрэгддэг. Анх АНА хүчил хэрэглэж эхэлж байгаа хүн бага хувьтайгаас нь буюу 4 хувьтайгаас нь эхлээд 7 хоногт 1-2 удаа хэрэглэж бага багаар арьсандаа дасгах ёстой.
АНА нь тослог, хуурай, холимог, энгийн гээд бүх төрлийн арьсанд таардаг боловч зарим нэг эмзэг арьсанд таарахгүй байх тохиолдол бий.
💚BHA (Beta Hydroxy Acid)
ВНА-гийн гол онцлог нь тосонд уусдаг чанар бөгөөд ВНА найрлаганд
-Salicylic acid
-Betain salicylate
гэх байгалийн гаралтай хүчлүүд багтана.
Арьсны гүнрүү, арьсны нүхэнд хуримтлагдсан ТОСЛОГ (sebum) болох хар, цагаан батгыг үр дүнтэй хайлуулж уусган бохирдсон нүх болон үхжсэн арьсыг цэвэрлэдэгээрээ AHAгаас ялгаатай. Тосонд уусдаг чанартай тул тослог арьсны тослогжилтыг багасгаж өгөх, нүхэнд хуримтлагдсан тосыг зөөллөж хайлуулж өгдөг.
Мөн гол найрлага болох Салицилийн хүчлийг Аспиринаас гаргаж авдаг тул арьсан дээрх хөнгөн үрэвсэлтэй батгыг дарж намдаах үйлчилгээтэй. АНА-г бодвол илүү хүчиллэг тул арьс цочроох магадлал өндөртэй. Тиймээс анхлан хэрэглэж эхэлж байгаа хүн бага хувьтай буюу 0.5 хувитай ВНА-г ажиглаж байгаад 7 хоногт 2 удаа л хэрэглэж арьсаа дасгах хэрэгтэй байдаг. Дассан хойно нь давтамжаа нэмж болно.
ВНА 0.5%~2% хүртэл байдаг боловч Солонгос бол дээд тал нь 0,5%тайг л гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд зөвшөөрдөг. Хэт өндөр %тайг ойр ойрхон давтамжтай хэрэглэвэл арьсыг цочроож, тос чийгийн баланс алдагдаж арьс үрэвсэх аюултай.
ВНА нь тослог, холимог, хар цагаан батгатай, үрэвсэлт батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Харин аспиринаас харшилдаг хүмүүс болон хэт эмзэг арьстай хүн хэрэглэх хориотой байдаг.
💚 PHA (Poly Hydroxy Acid)
PHA нь АНАтай ойролцоо арьсны өнгөн хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй боловч АНА-г бодвол молекулынх нь хэмжээ том байдаг тул арьсны гүнд нэвтрэх нь бага. АНА-г бодвол зөөлөн байдаг бөгөөд арьс цочроох аюул багатай гуужуулагч юм. PHA гуужуулагчийг танихдаа :
-Gluconolactone
-Lactobionic acid
гэх найрлагуудын нэг тухайн бүтээгдэхүүний найрлаганд багтаж байгаа эсэхийг хараарай!
Хэрвээ та АНА гуужуулагч хэрэглэхээр арьс тань цочрол өгч эмзэгшдэг бол РНА-г туршиж үзэх хэрэгтэй. Мөн давхар чийгшүүлэх үйлчилгээ өгдөг тул ерөнхийдөө хуурай, улайлттай, эмзэг арьсанд тохиромжтой.
Тэгвэл таны арьсанд ямар гуужуулагч нь илүү тохирох вэ?
◇ Хуурай арьс – АНА, эсвэл PHA, Peeling gel
◇ Холимог арьс – Хуурай хэсгээрээ АНА, тослог хэсгээрээ ВНА, Peeling gel
◇ Тослог арьс – ВНА, АНА, Peeling gel
◇ Бүх төрлийн батгатай арьс – ВНА ,АНА
◇ Эмзэг арьс – зөөлөн Peeling gel, РНА
Та эхлээд ямар төрлийн арьстайгаа оношлуулж тодруулаад дараа нь өөртөө таарах гуужуулагчаа сонгоорой!
Дахин анхааруулахад та зайлшгүй үхжсэн арьсаа гуужуулж байх ёстой боловч хэт их гуужуулалт нь арьсны янз бүрийн асуудал үүсгэдэг гэдгийг битгий мартаарай!!!
Та хэвийн арьстай бол 7 хоногт 1~2 удаа,
эмзэг арьстай бол 1 удаа гуужуулахад хангалттай. Тиймээс таны арьсанд ямар асуудал байна түүнийгээ шийдэхийн тулд дараах орц найрлага байгаа эсэхийг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй.
Эх сурвалж: SKINCARE CУДЛААЧ